“БИД ЯАХ ВЭ? МӨХӨЖ БАЙНА. ХАРИН...”
Хөххотод хоёр хятад, бас нэг цахар залуутай хоолон гэрт зоог барьж суулаа. Утас дуугарав. Улаанбаатараас найзуудын маань нэг залгаж байна. Ажил, зорилго хэр бүтэмжтэй талаар ганц хоёр үг солих зуураа, надаас
- Чи одоо хаана явна? гэж хэрэггүй шахуу зүйл асуув.
- Өө, нэг хоолон гэрт хэдэн хужаатай хооллоод л сууж байна гэлээ. Тэгэсгээд өнгөрөв.
Орой нь өнөөх цахар залуу буудалд хүргэж өгөөд нэг юм хэлюү, байя юу гэж тээнэгэлзсэн мэт үүдээр эргэцээд байхаар нь суухыг урьж, нэг шил юм дундаа тавиад сууцгаав.
Тэгэхэд тэр маань ийн ярьсан юм.
“... Ар монголчууд та нар биднийг ямагт хужаа гэж хардаг, боддог нь бидэнд дарамттай байдаг л даа. Гэхдээ яах аргагүй үнэн юм. Яагаад гэвэл бид одоо уусаад дуусаж байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, хэзээ нэгэн цагт өмнөд оронд монгол гэдэг нэр л үлдэнэ. Маш олон залуус монголоо мартаж байна, хятадтай сууж байна. Хятадын зүгээс ч хэцүү хэцүү юм их хийж байгаа. Чадалтай монгол залуусыг мөнгөөр хоолойд нь тултал цатгаж, хятадыг дагасан учраас та нар ийм сайхан байгаа юм гэж ойлгуулж байна. Монгол сургуулиудыг хааж байна. Энэ хүн далай дотор атга будаа шиг цөөхөн бид яаж ч хичээгээд нэмэргүй. Хаашаа л харна хятадууд. Бид хэдий төрөлх нутаг дээрээ байгаа ч гэсэн тэр нутгийн маань шороо бүхэн нь хятад болчихвол бид яах ч билээ дээ.
Харин Ар монголчууд та нар Өмнөд монгол биднийгээ “хужаа” гэж дорд үзэхдээ нэг л зүйлийг битгий мартаарай гэж хүсэж байна. Тэр юу вэ гэвэл, Ар монголчууд та нарын тусгаар тогтнолыг Өмнөд монголчууд бид өнөөгийн энэ эмгэнэлтэй хэцүү амьдралаараа Их Хятад улсын түрэмгийллээс хамгаалж, халхалж, золиос болж өгсөн юм шүү гэдгийг л...” гэж билээ.
Б.Номинчимэд
2011 оны 5 сар. Хөх хот