Алмас
За ойрд ийм урт юмыг ингэж огшиж, нулимс цийлэгнэж, нэг амьсгаагаар дуустал нь уншаагүй юм байна. Маш их эрч хүч авлаа. Цөөнгүй ч зүйлийг мэдэж, нэлээд зүйл дээр эргэж бодлоо. Тийм ээ чадахым чинь... Блогтоо хуулаад оруулчихлаа:




“ТЭД ИРЭХ АМЬДРАЛДАА МОНГОЛ НУТАГТАА АДУУ Ч БОЛТУГАЙ БОЛЖ ТӨРӨХ ЮМСАН ДАА ГЭДЭГ...”

Монголын Эзэнт Гүрний үеэр тооцвол тухайн үеийн 40 гаруй улсад өвөг дээдэс минь 800 жилийн тэртээ 40 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг захирч байжээ...

"УЛС, ҮНДЭСТНИЙХЭЭ ТУУЛСАН ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ БАРИМТААР ҮЛДЭЭХ НЬ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ ЮМ" хэмээх энэ эрхэм үүргийг өөрийн санаагаар үүрч, Дэлхийн хэмжээнд дахин Монголын Эзэнт Гүрний нэрийг тунхаглах хүсэлтэй Ц.Санчиртай бид ярилцлаа.

Тэрбээр зөвхөн түүх ярин өнгөрсөндөө үлдсэн нэгэн биш. Өнгөрснийг орчин үед хэрхэн "чулуу" болгох талаар ярьж сэдэж байгаа хөдөлмөрч, уйгагүй бүсгүй юм. 

Монголын Эзэнт Гүрний эзлэн захирч байсан бүх газарт хүрсэн анхны Монгол, магадгүй дэлхийн анхны хүн  Ц.Санчир iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын буланд уригдах ёстой ХҮНДТЭЙ зочдын нэг билээ.

Ингээд Ц.Санчиртай хамт ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД, ХААЛТТАЙ БҮС НУТГУУД гээд түүний саад бэрхшээл ихтэй ч ОЛЗ ОМГООР дүүрэн аян замаар хамтдаа аялцгаая.

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort
Ярилцлагын зочин: Ц.Санчир @Sanchir_TASAM

ЭРГЭЖ ИРЭЭД АВААД ЯВНА АА ГЭДЭГ ТЭР ХҮМҮҮСИЙН ХУВЬД ДОМОГ БИШ, ҮЛГЭР БИШ, ЗАРЛИГ

- Таны өгч байсан ярилцлага, нэвтрүүлгүүдийг унших, үзэх тоолондоо энэ олон судлал, аялал, уйгагүй байдалд юу таныг ийм хүчтэй "хөтөлдөг" юм болоо гэж өөрийн эрхгүй боддог юм?
- Монголчууд бид түүхэнд 40 улсыг нэгтгэж, мянганыг хамарсан он тооллыг эзэлсэн Эзэнт гүрний өв залгамжлагчид.

Миний оронд уншигч хэн нэгэн Монголын Эзэнт гүрний газар нутагт бүхэлд нь очиж үзсэн бол ямар ч Монгол хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, зоригийг нэмэгдүүлж, дараа дараагийн ажлын эрч хүчийг нэмдэг сэдэв л дээ.

- Тархан суурьшсан олон монгол хүнтэй уулзахад тэд биднийг хүлээсээр байгаа. Яагаад биднийг ирж авахгүй байна вэ гэх гомдлын үгсийг танаар дамжуулсан байсан. Үүнийг сонсохоор бид тэдэнд өртэй мэт сэтгэл эмзэглэх шиг болох юм.
- Чингис хаан 1227 онд сүүлчийн байлдан дагууллаа хийхдээ нэг зарлиг айлдсан байдаг. “Ирээдүйд миний үр хүүхдүүд зөвхөн өнгөтнийг өмсөж, амттаныг идэж, гоо хатдыг буулгах биш энэ дэлхийн өнцөг булан бүрт бидний мах цусны тасархай үлдсэн байгааг мартаж болохгүй шүү” гэж. 

Харин бид өнөөдөр мартсан байна.

Түүхийн урт нугачаанд, Монголчуудыг цөөхүүлээ, тархай, бутархай, хүчгүй байлгах гэсэн гадны улс үндэстнүүдийн бодлогын уршгаар бид мартсан байна. Гэтэл тархан суурьшсан Монголчууд мартаагүй. Монгол үндэстний язгуур зан чанар бол маш үнэнч байдал. Язгуур зан чанар буюу мах цусанд шингэсэн энэ зан чанар хэзээ ч арилахгүй. Яагаад гэвэл Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын үед Их хааны зарлигаар тархан суурьшсан Монголчууд, эзэлсэн нутгаа хамгаалсан Монголчууд, шархдаж тамирдсан Монголчууд тэдний үр сад өнөөдөр ч гэсэн Их хааны зарлигийн дагуу тэндээ амьдарсаар байна. Энэ газарт үлд. Эргэж ирээд автал хаашаа ч битгий яв гэсэн хаадын зарлигийн дагуу тэр хүмүүс хаашаа ч яваагүй. Харамсалтай нь эдгээр хүнийг бид мартсан.

Ганц харсан, уулзсан Монгол хүн нь 800 жилийн дараа ирчихээд мартаад, орхиод, ажлаа хийгээд явна гэдэг хэцүү.

Юун дэлхийн Монголчууд. Юун тархан суурьшсан Монголчууд, юун Эзэнт гүрний Монголчууд. Бид дотооддоо л аймаг, сум буюу “дов жалганы” гэгддэг үзэл өндөр байна. Өнөөдөр ч гэсэн дэлхийн 20, 30 улсад бидний мах цусны тасархай түүхийн нугачаанд тархан суурьшсаар байна.

Монголчууд бий. Бид тэднийг мартах эрхгүй. 

Эргэж ирээд аваад явна аа гэдэг тэр хүмүүсийн хувьд домог биш, үлгэр биш, зарлиг. 

Анх 2002 онд түүхийн бүдэг бадаг мөрөөр дэлхийн Монголчуудаа зориод явахад тэнд үнэхээр Монгол хүн байгааг хараад элэг зүрх эмтэрсэн. Тэр үед би нэгэн их сургуульд багшилж байлаа. Монголдоо буцаж ирээд бүтэн нойртой хонож чадаагүй. Ганц харсан, уулзсан Монгол хүн нь 800 жилийн дараа ирчихээд мартаад, орхиод, ажлаа хийгээд явна гэдэг хэцүү. Миний оронд хэн ч байсан ийм алхам хийх байсан байх. Ганцхан Санчир биш. 

- Монголоос хүн ирлээ гэх мэдээ тэдэнд маш хурдтай тархаж баярлан хүлээж авдаг гэсэн. Тэдгээр Монголын ихэнх нь ядуу тарчиг амьдарч байгаа тухай сурвалжлагуудыг тань үзэж байлаа. 
- Тархан суурьшсан Монголчуудын түүхэн тархалт, суурьшилт, тухайн улс үндэстний нийгмийн онцлог гээд маш олон зүйл энэ сэдэвт багцалж орно. 

Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын ТАСАМ судалгаа, зураг авалтын экспедицийн хувьд дотоодын мөргөлдөөнтэй, исламын шашинтай, хаалттай хоригтой гэсэн гурван бүс нутгийг зорьдог. Тэнд байгаа Монголчуудын хувьд Монгол угсаатны онцлог, ёс заншил, хэл соёлоо хадгалан үлдэнэ гэдэг нь амь настай нь шууд холбоотой. 

Миний хувьд анх удаа вебсайтад ярилцлага өгч байна. Мөнөөх тархан суурьшсан Монголчуудынхаа аюулгүй байдалтай холбоотойгоор нарийн зүйл ярих бас хэцүү байна.

- Жишээ нь, Хазарачууд гэхэд сайн сургуульд суралцах боломжгүй, сайхан ажил хийх эрхгүй ядуу дорой амьдарч байгаа гэдэг. Энэ талаар та судалсан байдаг шүү дээ. Хазарачуудын тухай ярьж өгөхгүй юу?
 - Сүүлийн үед Дундад Ази, Ойрхи Дорнод, Исламын улсуудын мөргөлдөөн дэлхий нийтийг түгшээж  байгаа учраас би аль болох Исламын улсуудыг яримааргүй байна. Гэхдээ энэ асуултанд хариулъя. 

Хазара гэдэг бол 1000 гэсэн Перс үгнээс гаралтай нэр. Мянгатан, мянган морьтон буюу Чингис хааны мянгат гэсэн үг л дээ. Афганистаны дөрвөн газар Монгол цэргээс үлдэж хоцорсон Монголчуудын үр удам төвлөрөн суурьшдаг. Энэ дөрвөн газарт дөрвүүлэнд нь очиж үзлээ. Мянгат гэдэг бол ойролцоогоор 30-40 мянган хүн байх магадлалтай байсан. Хүн судлалын шинжлэх ухааны талаас 800 жилийн дараа өнөөгийн өсөлтөд хүрэх боломжтой. 

ТАСАМ судалгаа, зураг авалтын экспедицийн хувьд дотоодын мөргөлдөөнтэй, исламын шашинтай, хаалттай хоригтой гэсэн гурван бүс нутгийг зорьдог.

Хазарачууд Афганистан, Дундад Азид тархан суурьшсан гурван таамаг байдаг. Бид зүгээр л ном судлаад маргаан тарих гэж асуудал дэвшүүлэхийг хүсдэггүй.

Кабулын гудамжаар явахад үе үе яг л Улаанбаатарынхаа гудамжаар явж байгаа юм шиг Монгол дүр төрх, зүс царайтай би Хазара хүн. Хазара бол Монгол хэмээдэг хүмүүсийг чи Монгол биш гэж хэлэх эрхгүй.

Хазарачуудын хувьд Афганистанд үнэхээр хамгийн дорд үндэстний цөөнхөд тооцогддог. Энэ бол маш эмзэг сэдэв. Тархан Суурьшсан Монголчууд байгууллага Хазарачуудын тухай баримтат кино бүтээж нийтийн хүртээл болгосны дараа Монголчуудын дунд нэлээн асуудал дэвшүүлэгдэж, NTV телевиз "Монголоо хайсан Монгол" нэвтрүүлгийг хийж, Цахим өртөө ТББ тэндээс Хазара залуусыг авчирч сургах зэрэг гүүр болсон сайхан ажлуудыг хийж байгаа. Үүнийг сонсоход би хувьдаа үнэхээр баяртай байдаг. 

“ХОЛООС ИРСЭН МОНГОЛ ЯАГААД ДУНСИАН ХЭЛ СУРАВ" ГЭЭД НУЛИМС УНАГАХ НЬ Ч БИЙ

 

- Тархан суурьшсан Монголчуудын нэршлүүдийн талаар мэдэхгүй хүн олон шүү дээ. Дунсиан, Цагаан Монгол, Дээд Монгол, Хазара, Сарт Халимаг гээд эдгээр Монголчуудын ялгаа түүх гарлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
- Тийм ээ, дэлхийн Монголчуудыг хэрхэн нэрлэдэг талаар ярихад хэдэн хуудас болно л доо.

Хойд хөршөөсөө эхлээд яръя. Бид зөвхөн Буриад эсвэл Халимагийн тухай ярьдаг. Гэтэл Буриад, Халимаг, Тува, Алтай гэсэн Монгол гэж нэрлэгддэг дөрвөн бүлэг үндэстний цөөнх бий. Үүнээс ч олон байгаа. 

Өмнөд хөршид гэхэд 5.9 сая Монгол бий. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнөх тоо. 5.9 сая Монголын 4.7 нь бидний нэрлэдэг Өвөрмонголын Өөртөө Засах Оронд буй Монголчууд. Өвөрмонголчуудын тухай ярихаар зарим нэг өвөрмонгол хүн уулзахаараа надад хэлдэг. Яагаад Өвөрмонголчуудын тухай ярьдаггүй. Яагаад бидний тухай кино хийдэггүй юм бэ гэж. Харин би тэдэнд, Та бүхэн бидэнтэй хөрш зэргэлдээ байна. Харьцангуй мэдээлэл солилцох боломж нээлттэй байна. Энэ сэдвээр ч дагнан ажилладаг олон судлаач байгаа, бүр Монгол Улсынхаа Шинжлэх Ухааны байгууллагын энэ салбарт өвөрмонгол эрдэмтэн хүртэл ажиллаж байгаа учраас бидний хувьд илүү танигдаагүй байгаа газрыг зорьдог юм аа гэж. 

Ингээд Өвөрмонголоос цаашаа гараад Дээд Монгол буюу Хөх нуурын Хошууд гэж нэрлэгддэг Монголчууд маань бий. Дэлхийн дээвэр Төвөдийн өндөрлөгт амьдардаг учраас Дээд Монгол гэж нэрлэсэн. Тэнд есөн түмэн монгол байна. Тэд 400 жил Монголоо хадгалж ирчихээд сүүлийн 10 жил гурван түм буюу 30 мянга нь Төвөд болж “хайлж” байна. XXI зуун ийм л хүчтэй зуун.

Үнэхээр соёл, мэдээллийн зуун учраас  400 - 800 жил соёлоо хадгалж ирсэн Монголчуудад XXI зуун маш халтай зуун болж байна. Дээд Монголчуудад хошууд, торгууд, цөөн тооны халх, бас цахарууд бий. 

Өмнөд хөршийн нийт найман мужид Монголчууд амьдардаг. 

Баруун тийшээ яваад Шиньжаань буюу Шинэ хязгаарын Монголчууд маань бас их зовлон үзсэн хүмүүс. Торгуудын их нүүдэлд үй олноороо үгүй болоод зүүнш буцаж ирснийхээ дараагаар Манжийн хааны  “Салган тохируулж, хүчийг бууруулах”  зарлигийн дагуу тэднийг Шиньжааны 80 гаруй сум сууринд тархан суурьшуулсан.

Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй, хүчтэй байхдаа хөгжилтэй хүчирхэг гүрэн бүрэн улс болж чаддаг үндэстэн учраас бодлогоор ингэж тархан суурьшуулсан байдаг. Өнөөдөр ч гэсэн тэдгээр 80 гаруй сум сууринд тархан суурьшсан Монголчууд Шиньжааны Бор тал, Баянгол, Хошууд, Бээр, Цонж, Хорол, Ховог сайр, Жим сайр цаашаагаа Кашгарт хүртэл байгаа. Шиньжаанд торгууд, хошууд, цахар, урианхай, халх гэсэн зургаа, долоон угсаатан байна. Энэ Монголчууд маань тод үсэгтэй, Монгол бичигтэй, Гэсэр Жангарын туультай, Монгол хувцас зүүсгэлээ хэрэглэдэг. 168 мянга орчим Монголын ихэнх нь сэхээтэн маш гэгээлэг үндэстэн. Сэхээтний давхаргын ихэнх нь зохиолч, бичгийн хүмүүс бий. 

За тэгээд Цастын Монголчууд гэж байна. 4,000 Монгол бий. Тэд Монголоо хадгалж үлдэхийн тулд үнэхээр их хичээж буй хүмүүс. Тиймээс ч боловсролоороо тэрбум хүн дотор онцгойрч харагдаж байгаа Монголчууд. Тусгаар Монгол Улсынхаа талаар маш их мэдлэг, өргөн мэдээлэлтэй.

Харин 800 жилийн өмнө тархан суурьшсан хаадын угсаа гэдэг Дунсиан, Шарай голын Монгол, Цагаан Монгол цаашлаад Юньаний Монгол гээд олон монголчууд байна аа. Өмнөд хөршийн нийт найман мужид Монголчууд амьдардаг. 

400 жил Монголоо хадгалж үлдэхийн тулд Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж үлдэн Монголоо хадгалж яваа. 

- Та аяллаас ирээд удаагүй байна. Алдарт Торгоны зам дагуу Иран, Энэтхэг, Туркмен, Киргиз, Казахстан, Хятадаар судалгааны ажлаа үргэлжлүүлсэн гэж байсан. Шинэ сонин мэдээллээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш их аялалтай, өмнөх 10 жилийн ажилтайгаа дүйцэхүйц олз омогтой явж байгаа.

Одоо бид нар Эзэнт гүрний нэвтэрхий толь гэж маш том бүтээл дээр ажиллаж байна. Үүний гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалт гэж дэлхийн 40 орчим улсад ажиллаж байгаагийн сүүлийн хоёр жил нь Торгоны зам юм. Алдарт Гансу, Дунхан, Отрар, Бухар, Самарканд, Мерв, Үргенч, Ашхабад Техран буюу Рей, Хамадан, Табриз гээд олон газраар явж байна. Гэхдээ ихэнх нь хаалттай, хоригтой газар нутгууд учраас нэг удаа очоод зураг авах, нэг удаа л очоод бүрэн хэмжээний дүрс бичлэг хийх, нэг удаа тайлбар авах, нэг удаа очоод архив үзэх боломж байдаггүй. Тиймээс ингэж олон дахин явж өвөл, зуны зураг, угсаатны онцлог бүхий баяр наадмын зураг, өв соёлын дурсгалуудын зураг авах шаардлагатай байдаг. 

Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж яваа.

- Та бүхний хийж байгаа судалгааг археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, түүх гээд ямар чиглэлийг барьж ажиллаж байгаа гэж үзэж болох вэ. Эсвэл энэ бүгдийг хамарч байдаг уу?
- Энэ асуултыг надаас хэн нэгэн удахгүй асууна байх гэж бодож байсан. 

Миний хувьд ардын урлаг судлаач, зураач, зургийн багш мэргэжилтэй. Миний багш Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурь гэж мундаг доктор байдаг. Хүн судлаач, хүн судлалаар дэлхийд томоохонд тооцогдох эрдэмтний шавь учраас “Багшийн эрдэм шавьд” гэдэг шиг хүн судлалын шинжлэх ухааны зах зухаас мэдээж суралцаж байна. 

800 жилийн өмнөх хот суурингууд руу очиход заримдаа археологич болохоо дөхдөг. Ерөнхийдөө түүхийн шинжлэх ухаан, соёл судлал, угсаатан судлал цаашлаад гэрэл зураг, дүрс бичлэг, баримтат киноны найруулагч гээд медиа салбар руу орж байна. Нэг байгууллага энэ өргөн сэдэв дээр ажиллаж байгаа учраас 14 жилийн хугацаанд олон талын мэдлэг, чадвар, авьяасаа хөгжүүлэх шаардлагатай болсон. Монгол хүний онцлог юм даа.  

Хамаг зүйлээ өөрсдөө хийсээр байгаад нэг талаар жаахан өрөөсгөл байдаг тал байгааг үгүйсгэхгүй ээ.

 

- 2007, 2008  онуудад буюу анхны аяллууддаа таныг ганцаараа явж байсан гэдэг юм билээ. Хэзээнээс багаараа ажиллаж эхлэх болов?
- Анх өөрийн сонирхлоор тархан суурьшсан Монголчууд гэх энэ салбар руу орсон учраас өөрөө л явахаас аргагүй байсан.  

2009 онд Хасбанкны захирал М.Болд бидний нэг ярилцлагыг уншаад холбоо бариад олон ажлыг ивээн тэтгэсэн. Ийм боломж нээгдсэнээр бүрэн багаар явж эхэлсэн. Миний хувьд баатар болох гээд, од болох гээд ганцаараа замд явдаггүй. Цэвэр санхүүгийн асуудлаас шалтгаалдаг. Дээрээс нь ийм онцлог бүс нутагт олуулаа ажиллах нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа исламын улсууд, “стан” хэмээгддэг орнууд, дотоодын мөргөлдөөнтэй улсуудад очихдоо аль болох хүний нүдэнд өртөхгүй, аль болох даруухан, хүндэтгэлтэй байж тэр хүмүүсийн хүндэтгэлийг авдаг.

Миний хувьд баатар болох гээд, од болох гээд ганцаараа замд явдаггүй. Цэвэр санхүүгийн асуудлаас шалтгаалдаг.

 
“Цөл газар явган гарсан хүнийг, Чулуут газар тахгүй туулсан морийг,  Хүний сайныг олж ханилах маш хэцүү” гэдэг шиг судалгаа зураг авалтын маань зорилтот бүс нутагт баг авч явна гэдэг бол ганцаараа явснаас заримдаа хэцүү. Яагаад гэвэл нийгмийн бухимдал тухайн улсын хилээр оронгуут мэдрэгддэг. Монгол маань бол онцгой сайхан тайван улс шүү дээ. Дотоодын мөргөлдөөнтэй хүнд нөхцөлтэй улс орон руу орж байгаа хүний зан ааш, чанар өөрчлөгдөж явахаас өмнө өгсөн ажлын чиг үүрэг заримдаа бүр алга болдог.

2008  оноос бид нар хоёроос дөрвөн хүнтэй багаар явахыг зорилго болгож байгаа. Нэг удаагийн судалгаагаар маш үр дүнтэй байхын тулд дараа дахиад очиход тэр дурсгал байхгүй болсон байж магадгүй учраас бүх талын бэлтгэлтэй, шүдээ хүртэл зэвсэглэнэ гэдэг шиг мэргэжлийн техник хэрэгсэлтэй болж өгвөл нутгийн эрдэмтэн судлаачидтай хамт явахыг хичээж байна.

2009 оноос хойш Хасбанк манай бүтэн нэг жилийн судалгаа зураг авалтын аяллыг дэмжсэн. Энэ бол маш өндөр үр дүнтэй буюу 12 баримтат цуврал хийж олон нийтэд хүргэсэн онцгой жил байсан. Дараа нь “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэж гэрэл зургийн цомгийг кирилл үсэг, монгол бичиг, англи хэлнээ хэвлүүлэхэд, “Монголын төлөөх зүрх бүхэнд” найраглалыг дүрсжүүлэхэд, Гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахад гээд олон ажлыг ХасБанк санхүүжүүлсэн.

- Тархан суурьшсан Монголчуудтайгаа хэл нэвтрэхийн тулд та тухайн хүмүүстэй өөр өөрсдийн хэлээр нь ярих шаардлага гардаг байх. Голдуу ямар хэлээр ярьдаг вэ. Таныг дунсиан хэлтэй. Бас перс хэл сурах гэж байгаа талаар тань уншиж байлаа.
- Хэлний асуудал бол судлаач хүнд байх ёстой мэдлэгийн нэг. Ялангуяа орчин үед гадаад хэл боловсрол биш мэдлэг болж байна. 

10 гаруй жилийн өмнө тархан суурьшсан Монголчуудыгаа судлах гээд өмнөд хөршийг зорьж байлаа. Хятад хэл гэдэг бас хэцүү. Ялангуяа аялал жуулчлал хөгжөөгүй, манайхан арилжаа наймаа хийдэггүй Шиньжаан Уйгарын бүс нутаг, Хөх нуурын бүс нутаг, Төвөдийн бүс нутаг гэсэн газрууд руу хэлгүй ганцаараа явах хэцүү байсан. Гэхдээ хүн ямар ч орчинд нэг сар болоход тухайн хэлийг ойр зуур сурдаг. Дунсиан, Цагаан Монгол, Юньнаний Монгол гэсэн бүс нутгуудад Алтай язгуурын Дундад эртний Монгол хэлний салбар хэлүүдээр ярьдаг. 

Манай байгууллагын гүйцэтгэх захирал англи, орос, хятад хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн эмэгтэй байдаг. Дэргэд нь би өөрийгөө тийм тийм хэлтэй гэж хэлж чадахгүй нь. Дунсиан хэлийг өөрийнхөө хэрээр сурч байгаа, хамгийн сайн сурсан хэл маань.

Хүн ямар ч орчинд нэг сар болоход тухайн хэлийг ойр зуур сурдаг.

Тухайн үндэстэн, угсаатны хэлийг сайн сурах нь тухайн ард түмэнтэй ойртох, хүндэтгэлийг нь төрүүлэх хамгийн эхний алхам. Дунсианы Сунамба гэж сууринд очоод буугаад сайн байна уу буюу "Чи гоё байна уу" гээд мэндлэхэд Дунсианы буурлууд маш их догдолдог. Хөндлөнгийн хүн сонсоход Монгол бичгийн дуудлагаар ярьж байгаа мэт яриатай. Хөгшчүүд "Манай залуучууд сүүлийн үед Дунсиан хэлийг мартаад Хятаджиж байхад хаа холоос ирсэн Монгол яагаад Дунсиан хэл сурав" гээд нулимс унагах нь ч бий. Энэ үед тэдгээр хүмүүсийн хувьд олон зуун жилийн домог болсон түүхийн хууч яриануудыг сонсох боломжтой болдог. 

Перс хэлний тухайд Монголын түүхийн маш чухал эх сурвалжууд перс, араб хэл дээр байдаг. Ялангуяа XIII зууны Монголын Эзэнт гүрний түүхийг буулгаад зогсоогүй тухайн үеийн дэлхий нийтийн үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн Рашид ад Дин, Жувейни, Вассафын эх бичвэрүүд перс хэл дээр байдаг. Иран руу бид нар сүүлийн долоо, найман жил явж байгаа. Ийм олон жил явж байгаа хүмүүс байж хэлийг нь мэдэхгүй гэж хэлж болохгүй.

Мэдээж перс хэлэнд суралцаж байна, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. 

УЛС, ҮНДЭСТНИЙХЭЭ ТУУЛСАН ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ БАРИМТААР ҮЛДЭЭХ НЬ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ ЮМ

- Таныг Ил Хаант улсыг онцгойлон зорьж судалдаг гэж ойлгосон. Энэ зөв үү?
- Тийм ээ. Монголын Эзэнт гүрний түүх гэдэг бол маш өргөн сэдэв. 40 улсыг хамарсан мянганыг дамнасан их түүх. Энэ өргөн сэдэв дунд хувь судалгаанд маань Ил Хаант улсын түүх давамгайлна. 

Яагаад гэхээр Ил Хаант улс бол Монголын Эзэнт гүрний дөрвөн их улсын баруун их хязгаарт өндөр хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж байсан улс. Монголын Эзэнт гүрэн гэж ярихаар бэлчээрийн төлөө яваад бараг л азаар 30, 40 улсыг эзлээд зүгээр л харгис балмад хаад ноёд ноёрхоод маш их хэмжээний харгислал явагдсан гэдэг дэндүү муйхар ойлголт түгээмэл байдаг нь харамсалтай. 

Бодит байдал дээр энэ түүх өөр. Рашид ад Дины хэлснээр "Чингис хаан дэлхийн улс үндэстнүүдийг алан хядагч, харгис балмад булаан эзлэгчдээс цэвэрлээд нэгэн санаанд нэгтгэж үр хойчдоо үлдээв " гэж тэмдэглэсэн байдаг. 

Эзэнт гүрний түүх гэдэг бол маш өргөн сэдэв. 40 улсыг хамарсан мянганыг дамнасан их түүх.​ 

Үүнийг Монгол хүн хэлээгүй. Эзлүүлэн, захируулж байсан тэр улс үндэстний төлөөлөл ингэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин бид тэгж бодож байна уу. Дээрээс нь бид Монгол хаадынхаа талаар маш өрөөсгөл мэдлэгтэй. Яагаад гэхээр бодит үнэн түүхийн чухал хэсэг эдгээр хаалттай газруудад байна. Олон зуун жил дарагдсан байна. Жишээ нь, Монгол хаадын суу алдрын тухай бид Чингис хаанаа л ярьдаг. Хамгийн сайн мэддэг нь буюу Эзэнт гүрнийг байгуулсан энэ л агуу хүн. Харин Чингис хаан түүний залгамжлагчид дэлхийн 40 улсад дөрвөн их улсдаа ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ. 

Үүнийг маш тодорхой харъя гэвэл Монголын Ил Хаант улсын тухай зайлшгүй ярих хэрэгтэй. 1253 онд Мөнх хаан зарлиг буулгаж дүү Хүлэгүгээ Иран орныг эзлэн тохинуулаад цааш хил хязгаараа тэл хэмээн илгээсэн байдаг. 1256 онд Хүлэгү хаан Иранд хүрсэн. Түүнээс хойш Иран, Ирак, Туркмен, Азербайжан, Афганистан, Армени, Турк  зэрэг арваад улсад “Монголын үе” гэж 100 жил нэрлэгдсэн.

Иранд очоод наад захын зүгээр түүх сонирхдог хүмүүстэй уулзаад “Монголын үе” гэж ярихад нь үнэхээр сайхан санагддаг. Өнөөдөр Иран хүчирхэг улс. Иран, “стан” улсуудын тухай, Ирак, Афганистаны тухай олон улсын мэдээ гэдэг бол бас өрөөсгөл шүү. Бодит байдал бол үнэхээр өөр. 

Тэр хүчирхэг улсуудад Монгол 100 жил хаанчилна гэдэг эдгээр улсын хувьд гутамшиг биш, айдас биш, доромжлол биш байсан. Тухайн үед исламын бурангуй, туйлдаа хүрсэн байдлыг Монголчууд таслан зогсоож цоо шинэ сэргээн босголтыг хийсэн юм гэж Ираны түүхэнд байдаг. Энэ бидний бахархал. Өнөөдөр бид үүнийг олон нийтэд, олон улсад таниулахын тулд бид өөрсдөө түүхээ судлах ёстой. 

- Бидний хувьд түүхийн номоос хайгаад ч олохгүй олон шинэ түүхэн мэдээлэл, олдвор, дурсгалыг танай баг нээж, өөрсдийн нүдээр үзэж, судалж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ бүгдээ нэгтгэсэн Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх том ажлыг эхлүүлээд байгаа гэж ойлгосон. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
- Энэ сэдвийг ярихаар энэ бүгдийг олон нийтэд хүргэх ёстой юм байна шүү гэж түгшсэн хүн болгон энэ асуултыг тавьдаг. Та нар яагаад дунд сургуулийн хөтөлбөрт үүнийгээ оруулдаггүй юм бэ гээд л эхэлдэг. Миний хувьд өөрийнхөө ажлыг ярьж байх үедээ бусдыг шүүмжлэх дургүй. Монголын түүхийн албан ёсны таван боть бий. Тэрний хоёрдугаар боть Монголын Эзэнт гүрний тухай байдаг. Тэрэн дунд Монголын Ил Хаант улс гэсэн гурван хуудас байдаг. Тэгэхээр дунд сургуулийн сурах бичигт ямар хэмжээнд орсон байх вэ. Харин үнэндээ гурван хуудсаар бус хэдэн зуун ботиор туурвих тийм арвин түүх соёлын сан бол Монгол Ил Хаант улсын түүх юм.

Харин одоо цаг үе өөрчлөгдөж, сайхан болж байна. Монголчууд бид өв соёл, түүх дурсгалын үнэ цэнэ, ач холбогдлоо мэдэж, мэдэрч, сэрж байна.

Бүрэн сэрэх үедээ маш хүчирхэг болно. 

Гурван хуудсаар бус хэдэн зуун ботиор туурвих тийм арвин түүх соёлын сан бол Монгол Ил Хаант улсын түүх юм.

Улс, үндэстнийхээ туулсан түүхийн бодит үнэнийг баримтаар үлдээх нь хүмүүний амьдралын хамгийн том бахархал юм.

Тийм учраас бид баримтын хойноос явж байгаа. Харсан бүх түүх соёлын холбоотой зүйлээ зурагжуулдаг. Түүхийн үнэтэй сурвалж баримтуудыг архивладаг. Гэхдээ бид албан ёсоор шинжлэх ухааны түвшинд бүтээл болгож ерөөсөө хэвлүүлээгүй байгаа. Аян замын тэмдэглэл, ярилцлагын түүвэр, гэрэл зургийн цомог л гарсан. Албан ёсны олон улсын түвшинд гаргах ажил маань 2016 онд буюу Их Монгол Улсын 810 жилийн ойгоор Монгол судлаачид 15 жилийн хугацаанд дэлхийн 40 улсад зөвхөн өөрсдийн боломжоор баримтжуулсан баримтыг дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Энэ үед дэлхий даяар Монголын эзэнт гүрэн гэж ийм агуу гүрэн байсан юм, өнөөгийн Монгол гэдэг ийм улс байдаг юм аа гэдгийг дахин нэг хараасай гэж хүсч байгаа. Бид соёлоороо, баримтат киногоор, хүүхэлдэйн киногоор, уран сайхны киногоор, яг одоо өгч буй энэ ярилцлагаар Монгол түүх соёлын бахархал бүрийг түгээж толилуулмаар байна. 

- Энэ нэвтэрхий толийг бүтээхэд хөрөнгө санхүүгийн хувьд жаахан дутагдалтай байгаа талаар нэгэн ярилцлагадаа ярьсан байсан шүү дээ?
- 2002 оноос хойш хийсэн ажлаа 2016 онд толилуулах гэж байна.

Одоогийн байдлаар зөвхөн Тархан Суурьшсан Монголчууд байгууллага энэ ажлыг гардаж хийж байгаа. Уг нь бол үндэсний хэмжээний бүтээн байгуулалттай дүйхүйц оюуны бүтээн байгуулалт болно гэж найдаж байгаа. Хамгийн том бэрхшээл маань мэдээж санхүү. Зардал мөнгө гэдэг миний хувьд Иран явахаас ч, Ирак явахаас ч хэцүү. Туулдаг зам бол мэдээж хэцүү. Гэхдээ бид  хэцүүгээ тэр бүр ярьдаггүй. 

Өнөөдөр бид солонгос кино үзээд, залуучууд солонгос соёл, хувцас загварыг дэндүү өөрийн болгож аваад байна. Соёлын түрэлт өндөр байна гэж маш их ярьдаг мөртөө Монгол соёлоо дэлгэрүүлэх тал дээр дэндүү хайнга байна. Соёлын асуудал бол Үндэсний аюулгүй байдлын асуудал.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын тавдугаарт бичигддэг зүйл. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого бас бий. Олон хууль дүрэм байна. Монгол агуулга гэж бид бас их гоё ярьдаг болж. Бодит байдал дээр яаж хэрэгжиж байна вэ. Яаж дэмжиж байна вэ. Яаж түгээж байна вэ. 

 2016 онд буюу Их Монгол Улсын 810 жилийн ойгоор Монгол судлаачид 15 жилийн хугацаанд дэлхийн 40 улсад зөвхөн өөрсдийн боломжоор баримтжуулсан баримтыг дэлгэх төлөвлөгөөтэй.

Энэ бүгдэд зарлага гаргана гэдэг бол Монголын үндэсний соёлын дархлаагаа бэхжүүлээд зогсохгүй үндэсний аялал жуулчлалд хүртэл үр дүнгээ өгдөг.Тийм учраас Эзэнт гүрний нэвтэрхий толийг аль болох төр, олон нийтийн хамтын дэмжлэгтэйгээр хийчих юмсан гэж хичээж байгаа. 

Би их нэрэлхүү хүн. Нэрэлхүү зангаасаа болоод 14 жилийн турш аливаа албан байгууллагын хаалга үүдийг тогшиж явалгүй өөрөө урландаа бүтээлээ хийгээд байгууллагынхаа зардал мөнгийг зохицуулж байсан.

2011 онд Торгон зам, Цагаадайн улс, Төмөрийн улс, Зүчийн улсын бүс нутгаар явж судалгаа зураг авалт хийх зөвшөөрөл олдоод зардал хэрэгтэй байхаар нь Банкнаас валютын зээл авч байсан хүн шүү дээ. Хүн ашиг олж, байр унаатай болох гэж зээл авдаг болохоос ямар хүн судалгаа хийхийн тулд зээл авдаг байна аа гэж олон найз нөхөддөө загнуулсан. Одоо бол нэрэлхүү зангаа нэлээн дарж байгаа. Яагаад гэвэл бүтээл маань олон улсад гарах тохиолдолд маш хариуцлагатай байх ёстой. Олон улсын түвшинд хүрсэн нэвтэрхий толь мэдээж эн тэргүүнд агуулга тэгээд бусад тайлбар, танилцуулга, эшлэл зүүлт, индекс, орчуулга, хөрвүүлэг гээд техник шаардлагууд ч өндөр байна. Нэвтэрхий толь маань кирилл, монгол бичиг, англи хэл дээр хэвлэгдэнэ. Бид зүгээр нэг кирилл үсгээр Монголын эзэнт гүрнийг тэмдэглэхгүй. Монгол бичиг дээрээ НҮБ-ын хэлүүд дээр тамгална. 

Хүн ашиг олж, байр унаатай болох гэж зээл авдаг болохоос ямар хүн судалгаа хийхийн тулд зээл авдаг байна аа гэж олон найз нөхөддөө загнуулсан.

Санчир Эзэнт гүрний толь бичгийг ярихаар хүмүүс одоо бид өнгөрсөн түүхээ ярьж яах юм бэ, ирээдүйгээ бүтээе, даяарчлалын зуун гэцгээдэг.

Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар гуай "Үндэсний бичиг үсэг, түүх соёлоо эрхэм болгоход Монголын зөв сайн дэвшилт зам нээгдэх бөгөөд үүнд хүн бүр анхаарал тавих нь нэн чухал" гэж хэлсэн байдаг. Хүн бүр. Зөвхөн судлаач биш. Зөвхөн дарга, сайд биш. Хүн бүр анхаарал тавьж байж түүх соёлын асуудал яригдаж зөв сайн дэвшилтэт замаар явна аа гэж. 

- Энэ нэвтэрхий толийг бүтээхэд үнэхээр өөр туслах дэмжих хүн алга гэж үү?
- Би нэг эрхмийг онцлон нэрлэмээр байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы сүмогийн 68 дахь Их аварга, ёкозүна Д.Дагвадорж гэж хүнийг хэлмээр байна. Олон нийтийн сүлжээ өнөөдөр бидэнд маш хүчтэй дэмжлэг өгч байгаа. 

Жиргээнд нэг удаа Чингис хааны мэндэлсний ойгоор Чингис хааны очсон бүх газар нутагт очлоо одоо “Эзэнт гүрний нэвтэрхий толь хийж байна” гэхэд Д.Дагвадорж аварга "Мундаг чухал ажил хийж байгаа шүү. Шагнал өгөөсэй" гэж над руу хандан бичсэн. Хариуд нь би "Надад шагнал чухал биш ээ. Аав, ээж маань бурхан болсон учраас би хэндээ шагналаа үзүүлэх вэ дээ. Харин яг одоо хийж байгаа Эзэнт гүрний нэвтэрхий толь" гэсэн энэ ажлыг төр засаг дэмжээсэй гэж хүсч байгаагаа хэлсэн. Аварга шууд “Би дэмжье” гэсэн. Би үнэхээр гайхсан.

Бид нар зүгээр л нэг зам талбай, байшин барилга яриагүй. Ирээдүйд буюу 1000 жилийн дараа бидний хийж байгаа энэ ажлыг түүх бичлэгийн дорвитой бүтээлд тооцохоор ажил хийж байгаа учраас нэг хүнд энэ ачааг үрүүлмээргүй байсан. Би тэгж чадахгүй. Сэтгэл түвдэнэ. Анхны уулзалтын дараа аварга бидний дараагийн аяллын зардлыг дэмжсэн. Бас нэг удаа нуруу тэнэгэр явж үзсэн шүү.

За тэгээд Н.Батцэрэн захиралтай Сарт планет ХХК, Компьютер центр манай судалгаа, зураг авалтын экспедицийн техник хэрэгслийн түншээр ажиллаж байгаа. Хувь хүмүүс олон нийтийн сүлжээгээр мэдээлэл дамжуулж замын зардалд нэг хоёр удаа дэмжлэг үзүүлсэн, бид тухай бүрд нь албан ёсны хуудсаараа талархал илэрхийлдэг. “Эзэнт гүрний нэвтэрхий толь” хэмээх энэ түүхэн бүтээлд бодитоор тусалж дэмжсэн байгууллага, хүн бүрийн алдар уг бүтээлийн тэргүүнд бичигдэнэ. Өөрөөр хэлбэл энэ нэр нь мөнхөрч, эзэнт гүрэн маань дуурсах болно.

 

ХҮЛЭГҮ ХААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ХОТОД ОЧООД ҮНЭХЭЭР ИХ ДОГДОЛСОН. УЙЛМААР БАЙСАН Ч БИД УЙЛЖ ДУУЛААД ЯВДАГГҮЙ...

- Улстөр ярихгүй л бол болохгүй болоод байх шиг байна. Бид нар өнгөрсөн хугацаанд бүхэл бүтэн Соёлын яамтай болоод энэ асуудал дээрээ анхаарах гэж үзлээ шүү дээ. ССАЖЯ-наас та бүхний ажилд жишээ нь ямар дэмжлэг үзүүлдэг байв?
- Арванхоёрдугаар сард замд явж байгаад Монголоос ССАЖЯ-ны нэг бичиг хэрэг болоод холбогдтол татан буугдсан байсан. Маш их гайхсан. Яг өнөөдөр соёлын асуудал гэдэг бол ямар нэгэн яам тамгын хатавчинд байх сэдэв биш. Энэ бол хойморт нь байх сэдэв.

Соёлын яамтай байх хугацаанд олон асуудлыг шийдсэн. Миний хувьд Ц.Оюунгэрэл сайдыг урьд нь таньдаггүй байсан. Нэг л удаа номын ёслол дээр уулзаж мэнд мэдэж байсан. ССАЖЯ байгуулагдахад  Ц.Оюунгэрэл сайд намайг зөвлөлдөө багтаасан байсан. Түүх соёлын талбарт ажилласан арав гаруй жилийн хөдөлмөр туршлагыг сонгосон хэрэг байх. 

ССАЖЯ-наас 2013 онд Монгол Эзэнт гүрний соёлын дурсгалууд гэсэн таван цувралыг хийхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Энэ арав гаруй жилийн хилийн чанад дахь судалгаа зураг авалт маань анх удаа засгаас тусламж авсан нь ССАЖЯ-тай байх үед гэж хэлж болно. Энэ дашрамд дахин талархал илэрхийлж байна аа.

Энэ арав гаруй жилийн хилийн чанад дахь судалгаа зураг авалт маань анх удаа засгаас тусламж авсан нь ССАЖЯ-тай байх үед гэж хэлж болно. 

Эзэнт гүрний соёлын дурсгалууд буюу “Зүчийн улсын соёлын дурсгалууд”, “Төмөрийн улсын соёлын дурсгалууд”, “Ил Хаант улсын уран барилга хот байгуулалт”,  “Ил Хаант улсын гар урлал, шинжлэх ухааны хот”, “Одон орон буюу расадхан” гэсэн таван цуврал болж гэрэл зураг, дүрс бичлэгт мөнхлөгдсөн. Олон нийтийн хүртээл болсон. Хэдийгээр тооцоолж, хүсэлт гаргасан төсөв маань танагдсан ч бид нөгөө л өөрсдийнхөө хийдэг арьсан эдлэлээс олсон мөнгөөр дутуугаа гүйцээж энэ цуврал бүтээл хийгдсэн. 

- Одоогоор Эзэнт гүрний нэвтэрхий толийг бүтээх явцад ямар нэгэн төрийн дэмжлэг байхгүй юм байна гэж ойлголоо. Зөв үү?
- Бид жил гаруйн өмнө төрд хандаж төслөө өгсөн. Хүлээж байгаад хагас жилийн өмнө хүсэлтээ тодруулж, дахиад материал нэмж хүсэлт гаргасан. Одоогоор тодорхой хариу байхгүй байна. Найдаад л хүлээгээд байгаа. 

- Эзэнт гүрний үеэс улбаатай  ховор нандин олон сайхан олдворуудыг та өөрийн нүдээр үзсэн хүн. Хамгийн их бахдал төрүүлсэн бүтээн байгуулалтуудаас бидэнтэй хуваалцахгүй юу?
- Шинэ аяллаар явах болгондоо догдолдог. Яагаад гэвэл урьд өмнө 800 жилийн турш Монгол хүн очиж байгаагүй Монгол түүх соёлын ул мөрөөр явах бүрт сайхан байдаг. 

Сүүлийн үед бид Иранд ажиллаж байна. Иран, Иракт асар их соёлын өв дурсгалууд бий. Ирак одоо хаагдсан. Сүүлийн хагас жилийн туршид маш их бужигнаантай байгаа. Бид нарын өмнө нь Иракт очиж баримтжуулж байсан тэр дурсгалууд байхгүй болсон. Ийм жишээ олон. Өнөөдрийн ярилцлагадаа нэг дурсгалыг онцолмоор байна. 

Бид жил гаруйн өмнө төрд хандаж төслөө өгсөн.  Найдаад л хүлээгээд байгаа. 

Хүлэгү хааны шинжлэх ухааны хот гэж маш том, чухал дурсгалын туурь бий. Монголын Эзэнт гүрний Ил хаант улсын хоёр дахь нийслэл болсон газар байдаг. Анх бид нарыг тэнд очиход оруулаагүй. Дөнгөж малтаж байсан учраас юун гадаадын хүн гээд ойртуулаагүй. Хоёр дахь удаагаа очиход 30 минутын бичлэг хийх зөвшөөрөл өгсөн. Маш өндөр үнэтэй энэ эрхийг авсан. Яг тухайн дурсгалыг зорьж оччихоод дээрээс нь Перс, Арабуудын угсаатны онцлог буюу барьцгүй занд хууртагдах үе бий. Энэхүү дурсгалаас 30 минутын видео бичлэг хийхэд ийм төлбөр төлөх ёстой гэсний дагуу төлбөрийг нь төлөөд очсоны дараагаар таван зураг авна, видео авахгүй гэх жишээтэй. 

Бэлчээрийн төлөө байлдаж яваад азаар дэлхийн 40 улсыг эзэлсэн гэгдэх Эзэнт гүрний Монголчууд баруун хязгаарт одон орны төв, халуун усны газар, өнчин ядууст зориулсан асрамжийн газар, гадаадын 32 мянган эрдэмтэнд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийсэн байх жишээтэй.

Эзэнт гүрний Монголчууд баруун хязгаарт одон орны төв, халуун усны газар, өнчин ядууст зориулсан асрамжийн газар, гадаадын 32 мянган эрдэмтэнд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийсэн байх жишээтэй. 

Өнөөдөр бид 100 мянган айлын орон сууц гээд ярихаар нүүдэлчид хэзээ ч орон сууц барьж үзээгүй, хот байгуулалт, уран барилгын асуудал шинэ зүйл мэт ойлгодог. Гэтэл Монголчууд хүн төрөлхтний түүх соёл, уран барилга, шинжлэх ухаан, одон орон, газар зүй, анагаах ухаан гэсэн олон салбарт олон нээлт шинэчлэл хийсэн. Энэ бүх шинэчлэл, нээлт, бүтээн байгуулалтын ул мөр буурь туурь хэлтэрхий өнөөдөр ч гэсэн хаалттай улс орнуудад асар олноор байна. Хүлэгү хааны энэ шинжлэх ухааны хотод очоод үнэхээр их догдолсон. Уйлмаар байсан ч бид уйлж дуулаад явдаггүй. Ялангуяа Исламын оронд эмэгтэй хүн инээж ч болохгүй, уйлж ч болдоггүй. Ер нь их баяртай царайлж болдоггүй. Аюулгүй байдлаа бодоод нутаг усны онцлогийг нь дагахаас өөр аргагүй.

Мөн хамгийн сүүлд дундад азиас Монголын Эзэнт гүрний түүхтэй холбоотой монгол бичигтэй, Монгол хаадын тамга, дардастай 200 гаруй алт, мөнгө, хүрэл зоос олсон. Үүнийг бид энэ удаагийн аяллаараа мэргэжлийн гэрэл зурагт буулгаж судалгааны эргэлтэд оруулж монгол, перс, англи хэл дээр “Хосгүй үнэт, онцгой ховор Монгол зооснууд” цомог бүтээх төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь нэвтэрхий толины хажуугаар хийж байгаа бас нэг төсөл. Үүнийг бид олон нийтэд дэлгэж хэн нэгэн дэмжээсэй гэж бодож байна. Магадгүй дараагийн удаа очиход энэ 200 гаруй зоос зарагдсан байж болно. 2009 онд биднийг Иранд очих үед Монголын үеийн уран барилгын 45*45-ын хэмжээтэй чимэглэлийн хавтан 75 мянган ам.доллараар зарагдсан байсан. Мөн тэр үед очиход байсан 40 орчим зоосны дурсгалтай архив 2013 онд очиход 20 орчим нь үлдсэн байсан. Ихэнх нь Герман, Америк руу дуудлага худалдаа болон солилцоогоор байхгүй болсон байна лээ.

Монгол хаадын тамга, дардастай 200 гаруй алт, мөнгө, хүрэл зоос олсон.

Ямар ч байсан энэ удаа энэ зоосны ажлыг дуусгах санаатай байна. Бүх зүйл санхүү дээр л гацаад байна. 

- Түүхийн чухал олдворууд ямар хүмүүсийн гараар дамжаад худалдагдаж байна вэ. Монголын Эзэнт гүрний үеийн эдгээр түүхэн олдворыг бид хайрлаж, хамгаалах ямар ч эрх байхгүй байна. Яах ёстой вэ?
- ССАЖЯ байхад “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахад би бүтэн бүлгийн төсөл боловсруулж санал оруулсан. Хилийн чанадад байгаа Монгол соёлын дурсгалууд хилийн чанадад байгаа Монголчуудынхаа угсаатны онцлог, өв соёлыг хадгалан үлдэхийн тулд олон улсын гэрээ конвенцийг судлаад гурав, дөрвөн сарын турш ажиллаж байж бүлэг нэмэлтийг санал оруулсан. Харамсалтай нь тэр бүлэг ороогүй. Уг нь би энэ хуулийн ажлын хэсэгт ажиллахдаа өөрийн 10 гаруй жилийн туршлага дээр тулгуурлаж сэтгэл зовнисон зүйлүүдээ эрх зүйн хүрээнд тусгахыг хичээсэн. 

- Соёлын аялал жуулчлал ч бас их чухал сэдэв байсаар байгаа. Гэтэл орхигдсоор л байна.
- Монголын Эзэнт гүрний байлдан дагуулалтай холбоотой өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түүх соёлын ямар дурсгал байна вэ. Үүнийгээ бид эхлээд ярих ёстой. Ингэж байж бид аялал жуулчлал гэж сэдвийг ярих ёстой. 

Аялал жуулчлал дундаа соёлын аялал жуулчлал. Өнөөдөр жишээ нь Узбекистан хаалттай улс. Тэгсэн мөртлөө соёлын аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөн. Узбекистан руу гурван төрлийн гадаад хүн ороход харьцангуй нээлттэй байдаг. Нэгдүгээрт, олон улсын уралдаан тэмцээн маш их зохион байгуулдаг бөгөөд эдгээртэй холбоотой зочид, төлөөлөгчид, хоёрдугаарт чинээлэг жуулчид, гуравдугаарт эрдэмтэн судлаачид. Манайд ирдэг шиг наадам болохоор 30 долларын тасалбар авахаасаа таталдаад цэнгэлдэхийн гадуур 500 төгрөгийн хуушуур идээд явж байдаг үүргэвчтэй жуулчин Монголд ямар ашигтай вэ. Тэр хүмүүс Монголын юуг харж, мэдэрч бахархах юм бэ. 

Тэгэхэд Узбекистаны жишээг яръя. Бухар, Самарканд, Ташкент, Хорезмыг 1221 оны үед эзлээд Цагаадай хааны улсын бүрэлдэхүүнд ороод Төмөр хааны бүтээн байгуулалт хийгдээд түүнээс хойш Төмөрийн улс гэж нэрлэгдсэн байдаг. Узбекийн мөнгөн тэмдэгтийг сум гэж нэрлэдэг. Таван зуутын сумын дэвсгэрт дээр Төмөр хааны хөшөө, мянгатын сум дээр Төмөр хааны ордон музей байх жишээтэй. Мөн бүх хот сууринд Төмөр хааны хөшөө, дурсгалын музей, дурсгалын талбай, цэцэрлэгт хүрээлэн байдаг. Бид нар өнөөдөр Чингис хаан нэртэй хоттой болсон. Гэхдээ тэнд очоод юу үзэх вэ.

Бид зөвхөн бэлчээрийн төлөө дэлхийг эзлээгүй юм гэдгээ бусдад харуулахын тулд Монголдоо дорвитой түүх соёлоо илэрхийлсэн үндэсний бүтээн байгуулалт өрнүүлэх хэрэгтэй байна. 

Гэтэл бид Төмөр хааныг өнөөдөр доголон Төмөр, хүйс тэмтрэгч л гэж мэддэг шүү дээ.

Нар байхад сүүдэр байдаг. Төмөр хаан төр барих үедээ Чингис хааны замналыг маш хүчтэй барьсан.

Монголын эзэнт гүрнийг дахин тэлсэн. Өнөөдөр Төмөр хааны бунхан дээр очиход “Та нар яагаад хааныхаа бунхан дээр ирдэггүй юм бэ. Монгол хааны бунхан шүү дээ” гэдэг. Узбект нэг жуулчин нэг дурсгалыг 30 минут орчим үздэг. Бас өндөр тарифтай. 

Бид Төмөр хааны бунхны ойролцоо долоо хоносны дараа музейн захирал нь бид нартай уулзсан. Яагаад ингэж удаад байна вэ. Удах тусам улам л өндөр зардал гарч байгаа шүү дээ гэж. Өдөр болгон яагаад мөнгө төлж тэр бунхныг үзээд байна вэ гэж гайхаад бид нартай уулзсан. Тэр үед биднийг Монголчууд гэж мэдээд маш их баярласан. 

 Төмөр хааны бунхан дээр очиход “Та нар яагаад хааныхаа бунхан дээр ирдэггүй юм бэ. Монгол хааны бунхан шүү дээ” гэдэг.

Хүний нутагт харийн хүмүүс 800 жилийн дараа Монгол түүхээр бахархаад Монгол түүхийн сайн сайхныг яриад, Монгол түүхээр хөгжөөд байхад бид нар яаж байна вэ.

Хархорин гэхэд дэлхийн Монголчуудын мөрөөдлийн хот байсан. Харин өнөөдөр манай Хархорин ямар байдалтай байгаа билээ. Бид ганц Хархориноо үнэхээр Эзэнт гүрний тулгат голомт, зүрх тархи, бэлэгдэл болсон дүр төрхөөр хөгжүүлэх юм сан. Дэлхийн Монголчуудын мөрөөдлийн улс Монгол. Мөрөөдлийн хот нь Хархорин хот. 

- Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан гээд сонирхол татам түүхийн үзмэр Монголчууд биднийг хүлээсээр байгаа гэж та хэлж байна. Монголын жирийн аялагчид тэднийг очиж үзэж танилцах тал дээр хэр боломж байдаг бол?
- Аялагчид очоод үзэх боломж хэцүү. Жишээ нь Афганистан руу арваад жилийн өмнө адал явдалт аялал гээд мөнгөтэй хүмүүс их очдог байсан. Одоо бол дотоодын мөргөлдөөнтэй исламын улсуудад зүгээр аялагчдад виз өгөхгүй байгаа. 

Хүний нутагт харийн хүмүүс 800 жилийн дараа Монгол түүхээр бахархаад Монгол түүхийн сайн сайхныг яриад, Монгол түүхээр хөгжөөд байхад бид нар яаж байна вэ.

2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Иран улсад болсон дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Өлзийт хааны ордонд очсон. Тэр аялалд манайхаас хамт явсан. Аяллын өмнө нь бид нар Өлзийт хааны ордны тухай нийтлэл, ярилцлага, баримтат кино хийчихсэн байсан. Түүний дараа Төрийн тэргүүн тэр газарт очиход бидэнд сайхан санагдсан. Өмнө нь зөвлөхүүдтэй нь уулзаж Иран дахь Монголын түүхийн дурсгал ийм байна. Цаг үе ийм байна гэсэн бага ч гэсэн мэдээлэл өгсөн. Ираны Занжонь мужийн Султание хотын захирагчид “Монголын төлөөх зүрх бүхэнд” номыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч бэлэглэсэн. Тэр номонд Иран дахь Монгол үе гэсэн бүлэг байдаг. 

Үүнээс бусдаар өөр аяллуудыг би сайн мэдэхгүй байна. 

ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ БҮХ ГАЗАРТ НУТАГТ ОЧСОН ӨӨР ХҮН БАЙХГҮЙ БАЙХ...

- Таны ярианд олон ч дурдагдлаа. Хаалттай, мөргөлдөөнтэй буюу аюултай бүс нутгуудыг та болон танай баг зорьсоор ирсэн. Таны өмнөх ярилцлагуудыг харахаар өөрийнхөө тухай ярих дургүй гэж байсан. Харин ярилцлага эхлэхийн өмнө та хэллээ. Иракт явж байхад дэлбэрэлт болоод чихэндээ гэмтэл авсан гэж. Энэ талаараа ярьж болох уу?
- Хамгийн сүүлд Иракт байрлаж байсан байрны ойролцоо нэлээн том дэлбэрэлт болсон.

Уг нь их тайван байна гэж мэдээлэл аваад орсон байсан. Иракт бид Монголын түүхтэй холбоотой олон газраар явах төлөвлөгөөтэй байлаа.

1258 онд Хүлэгү хаан Багдадыг буулган авсан байдаг. Дундад Ази, Иран, Ирак бүхэлдээ Монголын туган дор 100 жил байсан.

Дундад Ази, Иран, Ирак бүхэлдээ Монголын туган дор 100 жил байсан.

“Хүний нутагт явахдаа нутгийн нэрийг хайрла. Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла” гэсэн үг бий.

Би очсон улс орон болгоноо өмөөрдөг. Яагаад гэхээр бидэнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Монгол судлаач гээд очиход Иракийн гаалийнхан “Монголчуудыг харъя” гээд л бүгдээрээ ирж хараад шохоорхдог. “Иракт тавтай морил, аюулгүй байгаарай” гээд бүх зааварчилгааг өгдөг. Ирак бол их онцгой газар. Бидний зорьдог Монголын Ил хант Улсын түүхийг өгүүлээд зогсохгүй хүн төрөлхтний түүхийн өлгий болсон эртний хүний бууцтай, үзэсгэлэнт байгальтай улс шүү дээ.

Хэдийгээр олон жил дайн самууны хөлд нэрвэгдэж байгаа ч зарим газар нь дэлбэрэлт болж байхад зарим газар нь музей босч л байдаг. Зарим газар нь бөмбөг дэлбэрч байхад зарим газар нь зам тавьж байдаг.

Иракийн сүүлийн аяллын үеэр бидний байрлаж байсан газрын ойролцоо шөнө дэлбэрэлт болсон нь миний чихэнд хүчтэй нөлөөлсөн. Түүнээс өмнө дотоод чихний сонсголын асуудал үүссэн байсан нь сэдэрсэн.  Б.Болдсайхан эмчийн номноос уншсан нэг үг санаанд бууж байна: “Чих бол хүний биеийн гайхамшигт уран барилга” гэсэн утгатай бас их эмзэг хэсэг билээ. 

Иракийн сүүлийн аяллын үеэр бидний байрлаж байсан газрын ойролцоо шөнө дэлбэрэлт болсон нь миний чихэнд хүчтэй нөлөөлсөн

- Өөрийнхөө тухай ярьдаггүй шалтгаан нь юу вэ?
- Өөрийнхөө тухай ярьдаггүй шалтгаан нь бид Монголын Эзэнт гүрэн, Эзэнт гүрний Монголчууд, Эзэнт гүрний соёлын дурсгалууд гэсэн энэ том сэдвийг ярьж байж зүгээр л нэг Санчир гэсэн хувь судлаачийг яриад байх нь үнэ цэнэтэй зүйл биш. Би өөрийгөө анхааралд оруулах гэж энэ аялалд гараагүй учраас миний зарчимд нийцдэггүй. 

- Тархан суурьшсан Монголчуудын амьдарч байгаа газруудаас очоогүй үлдсэн нь ер бий юу?
- Нэг зүйлээр жаахан бахархчихъя. Дэлхий дээр Монголын эзэнт гүрний бүх газарт очсон өөр хүн байхгүй байх аа. Байдаг бол би тэр хүнээс суралцмаар байна. Байдаг бол тэр хүний бүтээлүүдийг хармаар байна. Очоогүй газар надад санагдахгүй байна. Одоо хийж байгаа ажлууд маань гүйцэтгэлийн шатны буюу музей, номын сан, архивт ажиллах, судалгаа, зураг авалт хийх зэрэг ажлууд бий.  

- Та 14 жилийн хугацаанд судалгааны аялал хийж, суурин суух завдал тун багатай өнгөрөөлөө. Харин хэзээнээс суурин суух төлөвлөгөөтэй байна вэ?
- Бидний хийж байгаа нэвтэрхий толины үндсэн ажлын 95 хувь нь хилийн чанадад хийгдэж байгаа.

Одоо судалгааны ажил маань тухайн үзмэр дурсгалуудын маань гүйцэтгэлийн шатны буюу архив, музей, номын сан гэсэн газруудад хийгдэж байна. 95 хувь нь хилийн чанадад хийгдэж, 15 жилийн турш дэлхийн 40 улсад судалгаа хийсэн  ажил дэлхий дээр их ховор байх. Байдаг бол бас олж аваад судалмаар байна. 

Бидний ажил цаг нартай уралдаж ажилладаг учир зардлаа л зохицуулах гэж Монголд байдаг болохоос биш судалгаагаа үргэлжлүүлж л байвал хэрэгтэй. Монголдоо байх хугацаандаа ч цаг нартай уралдаж урландаа ажиллаж замын зардлаа олоход анхаардаг. Мөн аяллаас ирсэн гэрэл зургаа архивлуулна. Видео дүрсээ монтажлуулна, төрөлжүүлнэ, тайлангаа бичнэ, хүмүүстэй уулзана гээд Монголд байхдаа ч их завгүй байдаг. Миний хувьд нэвтэрхий толио гаргасны дараа л Монголдоо жаахан суурин байх болов уу. 

15 жилийн турш дэлхийн 40 улсад судалгаа хийсэн  ажил дэлхий дээр их ховор байх.

- Гурван жилийн өмнөх таны нэг номыг харж байхад 75 мянган гэрэл зураг, 200 гаруй цагийн дүрс бичлэг хийгдсэн талаараа бичсэн байсан. Энэ тоо мэдээж нэмэгдсэн байгаа байх. Энэ бүх архиваа олон нийтэд хүргэх тал дээр BBC –тэй хамтарч цуврал нэвтрүүлэг хийх гэж байгаа гэж байсан. Энэ ажил юу болсон бол?
- BBC хувь хүн талаас баримтат цуврал хийе гэсэн санал тавьсан. Яагаад зүгээр л нэг Монгол эмэгтэй өөрөө зардал мөнгөө олоод ингээд яваад байдаг нь гайхалтай санагдсан байх. Нэг хэсэг аялалд маань хамт яваад адал явдалтай учирч байгаа байдлаар баримтат цуврал хийе гэсэн санал тавьсан. Энэ бол миний зарчим биш. Би өөрийгөө чухам сүрхий хүн гэж харуулахыг хүсээгүй. 

Хамгийн чухал зүйл нь бидний сэдэв. Таны уншсан энэ архивын тоон мэдээний тухайд сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн. 75 мянган гэрэл зураг гэдэг бараг л 10 дахин нэмэгдсэн. Одоо зургаа тоогоор илэрхийлэх хэцүү. 20 орчим хард диск дүүргээд байгаа. 

Суурин байх үедээ өөрийн гэсэн үзэсгэлэнтэй болох юмсан гэж боддог. 

Амьдралд би их олон хатуу хэцүү зүйл үзсэн. Улаан галын өмнө өмссөн хувцастайгаа хоцорч, маш хүнд осолд орж, дараа нь маш хүнд өвдөж, хамгийн хайртай хүмүүсээ алдаж үзсэн.

Энэ бүх хүнд бэрх зүйлийн дараа бидэнд үлдэх зүйл нь юу юм бэ. Хүний амьдралын утга учир юу юм бэ гэж боддог болсон. Хүний нэр үлдэхийн утга учир юу юм бэ. Энэ нь улс үндэстнийхээ төлөө, туулсан түүхийнхээ төлөө, ялангуяа Монгол гэдэг онцлог үндэстнийхээ төлөө Монголын Эзэнт гүрэн энэ сэдвийг дэлгэж байгаадаа би их баяртай байдаг.  

Хүмүүс танд юу үлдэх юм гэж асуудаг. Надад юу үлдэх нь чухал биш. Бидэнд юу үлдэх юм бэ гэдэг чухал. Дэлхийд юу үлдэх юм гэдэг илүү чухал. Дэлхий дахинд туулсан түүхээ монгол судлаачид өөрсдөө дахин ингэж баримтжуулж баринтаглана гэдэг бол гоё. Энэ бол Монгол агуулга. Энэ мэдээлэл, соёлын зууны давалгаа болно гэж найдаж байна.

Дэлхий дахинд туулсан түүхээ монгол судлаачид өөрсдөө дахин ингэж баримтжуулж баринтаглана гэдэг бол гоё.

- Дөрөвдүгээр сарын 10-нд та дахиад аялалд гарна гэсэн. Хэзээ эргэж ирэх вэ? 
- Дөрөвдүгээр сарын 15-даар яваад зургаадугаар сард эргэж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн мөнгөө дуустал явдаг.  Сая ирэхэд манай байгууллагын дансанд 24 мянган төгрөг үлдсэн байсан /инээв/.

Иранд олон улсын гүйлгээ хийгддэггүй учраас нэг удаагийн аяллаар бид нар хоёр доллартай үлдэж байсан. Гурвуулаа дундаа. Иранаас Турк руу автобусаар явахад 30 орчим цаг явдаг. Нэг доллараар ус авч ууж болохгүй. Ус уухаар бие засах ёстой. Бие засахаар бас нэг доллар байдаг. Гурван хүн тэр хоёр доллараар яаж ч болохгүй л ирдэг. Өнөөдөр л энэ зовлон зүдгүүрийг яагаад ингэж их яриад байна вэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Өнөөдөр та асуугаад байгаа учраас л би хариулж байгаа юм шүү.

Түүнээс арга барсандаа, албатайдаа яриагүй.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголчууд Олуулаа болох тухай санаачилга гаргаж тархан суурьшсан Монголчуудыг эх орондоо эргэн ирэхийг дуудсан. Харин уриалга бодит ажил болоход бэрхшээлтэй зүйл байдаг байх. Юу нь илүү хүндрэлтэй санагддаг вэ?
- Бодит ажил болж, бодит үр дүнд хүрэхийн тулд судалгаа хамгийн чухал.

Олуулаа болох тухай энэ санаачилга маш том түүхэн шийдвэр. Түүхэн уриалга. Бид дотооддоо үүнийг магадгүй шүүмжилдэг байх. Гэхдээ энэ нь дэлхийн Монголчуудын хувьд маш онцгой зүйл юм.

2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын өдрөөр Дэлхийн Монголчуудад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа үг хэлсэн. Тэр үед бид Төвөд, Хөхнуурт явж байсан. Замдаа явж байсан учраас ямар нэгэн мэдээлэлгүй байсан. 

Тэгсэн Хөхнуурын Монголчууд, Шиньжааны Монголчууд маань бидэнтэй нулимстай нүдтэй уулзсан. Маш их баяртай байсан. Би бас маш их баяртай байсан.

Тэдний хувьд Монгол бол мөрөөдлийн орон, тэнгэрийн улс.

Тэд “Ингээд л болоо. Ямар ч байсан Дэлхийн Монголчуудыг байна аа гэж хүлээн зөвшөөрч, зарлан тунхаглана гэдэг бол бидний хүлээсэн зүйл” гэцгээж байсан. Тэдний хувьд Монгол бол мөрөөдлийн орон, тэнгэрийн улс.  Энэ амьдралдаа амжихгүй юм гэхэд ирэх амьдралдаа Монгол нутагтаа ядаж адуу ч болтугай болж төрөх юмсан даа гэцгээдэг. 

 

Тиймээс ч бид тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй. Энэ л бидний хамгийн эхэнд хийж чадах зүйл.

Дээд Монгол буюу Хөхнуурын Хошууд нэгэн найрагчийн шүлэг байдаг: 
“Олон юмыг хийхээсээ өмнө
Монгол Монголоо хайрлаж суръя
Есүхэй эцгээс яс нэгтэй
Өэлүн эхээс цус нэгтэй
Мөнх галбад Монгол гэж тогтсон
Монгол Монголоо хайрлаж суръя” гэж
Олуулаа болох уриалгыг бүх цаг үеийн Ерөнхийлөгчид, Засгийн газрууд алсын хараатайгаар, нарийн судалгаатайгаар, мэргэн бодлоготойгоор, шат дараалалтайгаар хийх ёстой маш хариуцлагатай ажил гэж боддог.  

2010 оны Улсын Их баяр наадмаар бид “Монголын төлөө зүрх бүхэнд” үзэсгэлэн зохион байгуулаад Дээд Монгол, Цастын Монгол, Шиньжааны Монгол гэсэн гурван газраас Монголчуудаа авч ирж үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэр бол дөрвөн зууны дараах түүхэнд бичигдэх том үйл явдал болсон гэж Дээд Монголын эрдэмтэд маань нутагтаа очоод сониндоо бичсэн байсан. Надад бас урамтай санагдсан.

Тэр үйл ажиллагаанд оролцож байсан Дээд Монгол залуу 2014 онд Монгол Улсын иргэн болсон. Бид нар замд явж байгаад тааралдаад “Би Монгол Улсын иргэн болсон” гэж тэр залуу хашгираад маш их баяртай байсан. Тэр залуу арваад жилийн өмнө Монгол Улсын иргэн болъё гээд гадаадын иргэн харьяат дээр очиход “Чи хаанахын иргэн бэ” гэж асуухад нь “Дээд Монгол” гэсэн чинь манайхан “Юун Дээд Монгол. Бид нар тэгээд доод Монгол юм уу” гэж хэлж байсан гэсэн. 

“Би Монгол Улсын иргэн болсон” гэж тэр залуу хашгираад маш их баяртай байсан.

Харин манай баримтат цувралын дараа олон хүн Дээд Монголчуудын талаар мэдээлэлтэй болсон байсан. Тэр сайхан Монгол хувцастайгаа, толь тунгалаг Монгол хэлтэйгээ, Монгол идээ шүүстэйгээ, Монгол зан айлтайгаа үлдсэн хүмүүсийг тусгаар Монголчууд маань телевизээр хараад өөрөөр хүлээж авдаг болсон. Үүний дараа бас нэг удаа Дээд Монголчууд Улаанбаатарт ирэх үедээ Их дэлгүүрийн ойролцоо төөрөөд цагаан утсаар ярих гээд “Ах нь Дээд Монгол байна аа. Ахад нь ямар ч мөнгө байдаггүй. Би ТАСАМ-ын Санчир гэж хүнтэй ярих гэсэн юм” гэхэд цагаан утасны залуу “Би Дээд Монголчуудыг мэднэ ээ. Та бүхнийг зурагтаар үзсэн” гээд төлбөр аваагүй байсан. Нөгөө ах маш их уйлаад “Намайг Дээд Монгол гэж Монгол Улсын иргэн танилаа” гээд л бөөн баяр болсон юм шүү дээ.

Тэгэхээр олон нийтийн түвшинд Дэлхийн Монголчуудын тухай мэдлэг, мэдээлэл маш чухал. Төвөдийн өндөрлөгт Монгол Төвөдийн хооронд бэлчээрийн маргаан улмаар мөргөлдөөн болоход Төвөдүүд олуулаа учраас Монголчуудыг маань дээрэлхээд дуусдаг.

Тэр үед Дээд Монголчууд маань нэг л үгээр тэднийг давдаг. “Тэгж яривал дэлхий дээр та нарыг өмөөрөх Төвөд гэж улс байхгүй. Бид нарыг өмөөрөх тусгаар Монгол гэж улс бий шүү” гэж. Шиньжаанд мөн адил. Харин өнөөдөр бид дэлхийд тархан суурьшсан энэ л олон монголчуудынхаа талаар ямархан мэдлэг мэдээлэлтэй байна гэдэг хүн бүрийн бодож үзэх зүйл. 

Дээд Монголчууд маань нэг л үгээр тэднийг давдаг. “Тэгж яривал дэлхий дээр та нарыг өмөөрөх Төвөд гэж улс байхгүй. Бид нарыг өмөөрөх тусгаар Монгол гэж улс бий шүү” гэж.


Олуулаа болох уриан дор Монгол гэдэг үндэстнээр бүртгэгдээд Монгол биш хүмүүс манай олноороо ороод ирэх магадлал асар өндөр. Энэ бол эрсдэл. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Үүнийг бид бодох ёстой. Үүнийг шат шатны байгууллага мэргэжилтнүүд өндөр түвшинд судалж, мэдэж байх ёстой. Тийм учраас бидэнд судалгаа хэрэгтэй гэдэг чинь энэ. 

- Та одоо Монголын Эзэнт гүрний түүхийг шинээр, бүтнээр бичихээр хичээж яваа нэгэн. Харин Монголын Эзэнт гүрэн, тархан суурьшсан Монголчууд, Монгол Улсын ирээдүйг хэрхэн харж, хүлээдэг вэ?
- Монгол маань яг Эзэнт гүрний үеийнх шигээ тансаг улс болж хөгжөөсэй гэж хүлээдэг. 

Бид нар өөрсдөө л улс шиг улс байх ёстой. Бид үлгэр загвар байх ёстой. Бид заавал тархан суурьшсан Монголчуудаа Монголдоо авчрахдаа биш “Монгол гэж ийм улс байдаг юм шүү” гэж яригддаг тэдний бахархалт улс л байх ёстой гэж боддог. 

Түүх өнөөдөр эргэж байна гэж найддаг.

- Таны яръя гэж бодож явсан зүйлсээс асуугаагүй зүйл байх вий?
- Монголын Эзэнт гүрний түүх, соёлын дурсгалууд асар арвин.

Энд Монголын бүх эрдэмтэд, бүх түүхч, судлаачид өргөн талбараар орсон ч гэсэн энэ бол дуусахгүй арвин сэдэв. Өнөөдөр мэдээллийн, агуулгын зуун. Тийм учраас цаг үетэйгээ зэрэгцсэн арга хэлбэрээр үндэсний болон олон улсын хэмжээнд түүх, соёлоо хүргэхийн тулд чадах чадахаараа л зүтгэх хэрэгтэй. Үүний тулд дэлхийн жишигт хүрсэн боловсрол, мэдлэг, мэдээлэл, судалгааны арга зүйтэй байх хэрэгтэй.

Манайхаас дэлхийн шилдэг сургуулиудын нэг Английн Манчестрийн Их Сургуульд энэ салбартаа мэргэжилтэн бэлтгэж байгаа.

Тархан суурьшсан Монголчуудаа Монголдоо авчрахдаа биш “Монгол гэж ийм улс байдаг юм шүү” гэж яригддаг тэдний бахархалт улс л байх ёстой

Монголын Эзэнт гүрний баруун хязгаарт 1295-1304 онд Ил хаадын улсыг захирч байсан Газан гэж хаан байсан. Түүнийг “Төгс төгөлдөр мэдлэгтэй, сэцэн мэргэнд нэвтэрхий, суут оюун ухаан төгөлдөр, захиран зарлигдах чадвар сүр жавхлан, их зориг, алсыг харах ба хурц ухаантайгаараа хүндлэгддэг шударгаар аймшиггүй байдлаар арвин өглөгч зан, тусч чанараараа төрийн хэргийг явуулах ховор туршлагаараа алдартай” гэж Персийн эрдэмтэн Рашид ад Дин тэмдэглэсэн байдаг.

 

Ийм хаад алтан ургаас Монгол Эзэнт гүрэн тухайлбал Ил хант улс, Цагаадайн улс, Алтан орд улс,  Юань улсад олон байсан. Түүхгүй үндэстнүүд өнөөдөр гайхам хөгжиж байгаа.Түүхийн нугачаанд Монголын Эзэнт гүрний байлдан дагуулалтанд нөмрүүлж байсан, захирагдаж байсан улс үндэстнүүд өнөөдөр XXI зуунд, соёлын зуунд, мэдээллийн зуунд төрийн бодлогоор түүхээ эргүүлж байна.

Бид бодит, бахархалт түүхийн эзэд мөртлөө тэрхүү харийн соёлын довтолгоонд харин ч автаж байна. Бид нарт тив дэлхийд дуурссан эзэн гүрний түүх хэмээх асар өргөн сэдэв байна. 

Манай улсын хөгжлийн нэгэн гарц бол өвөг дээдсээс өвлөгдсөн бидний өрлөг түүх.

020a96 sanchir iran1 x800
“ТЭД ИРЭХ АМЬДРАЛДАА МОНГОЛ НУТАГТАА АДУУ Ч БОЛТУГАЙ БОЛЖ ТӨРӨХ ЮМСАН ДАА ГЭДЭГ...”


Эх сурвалж: IKON.mn

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)